Аз жаргалтай Улаанбаатарт 12 настай хүүхэд дайруулж, 7 настай хүүхэд хутга тулгуулж, найзууд нэгнээ шатаав
Ердөө 24 цагийн хугацаанд бидний Аз жаргалтай Улаанбаатар хотод сэтгэл сэртхийлгэм аймшигт хэргүүд өрнөв. Хүчирхийлүүлж, жорлонд амь тавьсан найман настай охиныг кэйсийг мартчихаа юу гэлтэй өөр олон хэргүүд илчлэгдэв.
Хичээлийн шинэ жил эхэлсэн буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 21-нийг хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд өртсөн осол бүртгэгджээ. Үүнээс явган зорчигчоор 26 хүүхэд, зорчигчоор 4 хүүхэд, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүүхэд, унадаг дугуйтай 4 хүүхэд, амь хохирсон хүүхэд 1 тохиолдол бүртгэгдсэн байна. /Амь нас хохирсон нь өнөөдөр бидний дунд хэлэлцэгдээд буй осол юм.
Тодруулбал: Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх..
Цахим орчинд хүүхэд мөргөсөн жолоочийг эмэгтэй, бас согтуу байсан гэх ч албаны мэдээллээр эрэгтэй хүн, мөн урьдчилсан байдлаар согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна.
Мөн өнөөдөр цахим орчинд долоон настай хүүхдийг хутга барьсан, согтуу, танихгүй эрэгтэй байрных нь гадаа хүчирхийлсэн хэрэг гарлаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрныхаа гадна тоглохоор гарсан 7 настай хүүг үл таних согтуу эрэгтэй, дээрэлхэн доромжилж, халааснаасаа хутгаар гарган сүрдүүлсэн хэрэг гарчээ. ХЭН ДУРТАЙ НЬ МЭС ХАЛААСЛАЖ, бусдын нялх хүүхдийг айлгадаг болж…ХЭН ДУРТАЙ НЬ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖ бусдын нандин үрсийг дайран алдаг болж…
Бас нэгэн харамсмаар мэдээ. ХУД-ийн 18-р сургуулийн “Монгол бизнес” дээд сургуулийн байранд хичээллэж байсан 6-р ангийн 39 сурагч 16-17 цагийн үед бөөлжиж суулгасан анамнезтай эмнэлэгт хүргэгджээ. НЭМГ, цагдаагийн алба хаагчид очиж ангийг битүүмжилж эхний 6 хүүхдийг НЭМГ өөрийн унаагаар, 12 хүүхдийг 103 төвийн түргэн тусламжийн машинаар дүүргийн эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлжээ.
Хордлогын шинж тэмдэг нийтдээ 39 хүүхдэд илэрснээс одоогоор зургаа нь хэвтэн эмчлүүлж, үлдсэн хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Одоогоор хүүхдүүд юунаас болж бөөлжсөн талаар тодорхой хариу гараагүй байгаа бөгөөд эхний байдлаар хордлогын шинж тэмдэгтэй гэж үзэж байна.Тухайн сургуулийн анги танхим нь стандарт хангахгүй, агаар сэлгэлт муу талаар эцэг эхчүүд мэдээлжээ.
Өчигдөр буюу 9-р сарын 21-ны өдөр Сүхбаатарт дүүрэгт өсвөр насны 4 хүүхэд нэгнийхээ бие дээр үсний лак, санитол шингэн цацаж шатаасан гэх... Ердөө нэг өдрийн дотор бидний сэтгэл сэртхийлгэм дараах хэргүүд гарсан гэхээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэгэнт алдагдсаныг, бүр болохоо байсныг сануулж, нэг ёсоор аюулын харанга цохиод эхэлжээ...
О.ЦОЛМОН